Ээжийнхээ тухай бодох юм.

Миний ээж намайг 28 настай байхад минь хорвоогийн мөнх бусыг узүүлж билээ. Ээж минь үргэлж л дэргэд байх юм шиг санагдаг байж. Бага байхад ээж минь наддаа миний ертөнц минь байсан. Ямар сайндаа ээжийнхээ өвөрт 16 нас хүртлээ унтахав дээ. Тэр үедээ ах эгч нараасаа ичдэг байсан ч ээж минь” та нар яагаад хүүхэд ичээгээд байгаа юм бэ, бие нь том ч миний охин чинь жаахан байхгүй юу” гэж хэлэхээр нь үгээр хэлэхийн аргагүй хайрыг нь мэдрээд ээждээ эрхлээд л унтдаг байж билээ.Жаахан байхдаа би ээжийгээ хаана л явна дандаа дагана. Одоо бодохнээ хаашаа ч ээжийгээ ганцааранг нь явуулж байсангүй. Орой гал тогооны өрөөний цонхоор ээжийгээ хүлээгээд хараад л сууна, хичнээн оройтсон ч хүлээгээд л сууна. Ээжийнхээ алхааг бол хичнээн харанхуй ч байсан таниад л өмнөөс тосч гүйгээд гартаа барьсан тортой юмыг нь аваад гэртээ орж ирдэгсэн. Хааяа ээж минь гэртээ ирэлгүй ажлаасаа шууд ах эгч нарынх луу маань явчихаар хичнээн аав минь дэргэд байсан ч миний ертөнц нурчихсан юм шиг санагдаад ганцаараа уйлаад л ээжийнхээ дээлийг нөмрөөд л хэвтдэгсэн. Тэр дээлэнд шингэсэн ээжийнхээ үнэрийг үнэртээд яг л ээжтэйгээ унтаж байгаа юм шиг санагддаг байж билээ.Дээлэнд шингэсэн ээжийн минь тэр үнэр одоо ч надад үнэртэх шиг болдог юм.Хорвоогийн амьдрал гэдэг мөнх бус юм даа. Одоо би өөрөө ээж хүн болчихоод л эх хүний хүүхдээ хайрладаг хязгааргүй, дундрашгүй их хайрыг нь ойлгож байна.

Ямар орой ойлгов оо. Ээжийн тухай шүлэг ,ээжийн тухай дуу дуулахаар л хамар минь шархирч нүднээс минь өөрийн эрхгүй нулимс гарах юм. Хүн даан ч оройтож аав ээжийнхээ агуу сэтгэл, хайрыг ойлгох юм даа.
Миний ээж их дуугуй, харах болгонд л юм бодож байгаа юм шиг уйтгартай нүдтэй хүн байж билээ. Бодвол амьдралын тухай зөндөө олон юмбг л эргэцүүлж боддог байж дээ. Жаахандаа ч би юмыг анзаардаггүй байж. Хүнтэй сууж хүүхэд гаргаж амьдрал жаахан үзээд ирсэний дараа л ээжтэйгээ арай илүү илэн далангүй ярьдаг болж билээ. Залуу байж, тэнэг байж. Яагаад ээжээсээ юу бодож санаж явдагыг нь асуугаад нэг ч удаа ээждээ цаг гаргаад цуг байсангүй вэ?Тэр агуу хүнийг мөнхөд байх юм шиг санадаг байж. Одоо бол үргэлж чи бол өөдгүй амьтан , чи ер нь ээжийнхээ ачыг хариулсан юм уу? чи юугаараа ээжийгээ баярлуулваа гээд л харамсач өөрийгөө хий зүхэхээс өөр юм миний сэтгэлд буудаггүй.Хүн гэдэг муухай хуурамч. Ээжийгээ нас барвал өдөржин шөнөжин уйлна даа гээд л бодож байсан . Хаана байна аа тэр сэтгэл чинь. Өөрсдийнхөө өдөр тутмын амьдралд орооцолдоод байхгүй юмыг бий болгож хөөрцөглөөд л, мундаг хүн болж жүжиглээд л, проблем биш юмыг проблем болгоод л … Чи хичнээн ч мундаг хүн байж болно, гэхдээ чи ээжийгээ гомдоож , ээжийгээ баярлуулж яваагүй бол чи зүгээр л новшийн амьтан. Би өөр хүмүүсийг хэлэх гээд байгаа юм биш шүү. Би өөрийгөө л хэлж байна.Зарим хүмүүс их азтай, ээжтэйгээ хамт өтлөөд л . Би ээжтэйгээ байгаа хүмүүст их атаархадаг,ямар сайхан юм бэ. Хэрвээ миний ээж амьд байсан бол би ямар их хайрлах бол оо гэж боддог. Надад юу л байна бүгдийг нь хайртай ээждээ зориулах юмсан. Даан ч миний муу ээж охиныгоо амьдралыг дөнгөж ойлгож
ухаарах үед орхиод явчих юм. Энэ амьдралд би ганцхан юмыг л яс цусандаа ортол ойлгосон. Эх хүний хайр гэдэг ямар агуу өөр ямар ч хайраар орлуулашгүй гэдгийг ойлгосон. Гэхдээ энэ хайр нь бас нэг цагт ор тас алга болоод дараа нь хичнээн уйлж нэхээд олддоггүй гэдгийг ойлгосон.

Чиний хажууд чинь байгаа олон юм гуйж шалгааж чамайг зовоодоггүй, өвдсөн ч өвдөөгүй царайлдаг, ядарсан ч ядраагүй гэж хэлдэг, чиний гэнэн томоогүйдээ хэлсэн үгийг чинь чихнийхээ хажуугаараа өнгөрүүлдэг, хүүхдүүддээ үнэн голоосоо хэзээ ч гомддоггүй, сэтгэлийн хайр нь хэзээ дундарч дуусдаггүй үзэсгэлэнтэй сайхан ээжээ хайрлаарай. Над шиг л ээжийгээ алчихаад дараа нь өөрийгөө битгий буруутгаж суугаарай даа.Хэлээгүй байхад нь дуртай юмыг нь аваад өг,ээж чинь түүгээр дутаагүй ч сэтгэлийг чинь хараад л баярлана. Заримдаа яг найзтайгаа ярьж байгаа юм шиг сайхан хөөрөлдөөд суу, ээж чинь хэдэн хором ч өөрийнхөө залуу насанд очиж баярлана.Ээж минь та сайхан шүү, миний шүтээн шүү ,таныгаа байхад охин нь хүү нь жаргалтай байдаг гэж хэлээрэй, ээж чинь охинтойгоо хүүтэйгээ олон жил цуг амьдрах гэж үхлийн цулбуураас мултарна шүү.Хааяа ээжийгээ үгүйлээд уйлахад хүртэл сайхан байдаг. Хайртай ээжтэйгээ уулзсан юм шиг л болдог.Даан ч их санах юм даа таныгаа. Тэнгэр мэт бурхан мэт миний ээж.



One response to “Ээжийнхээ тухай бодох юм.”

  1. When I initially commented I clicked the “Notify me when new comments are added” checkbox and now each time a
    comment is added I get several emails with the same comment.
    Is there any way you can remove me from that service?
    Bless you!

elaborate?