Хайрт ах минь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд долоо л хонож байсан байх.Нэгэн орой ээж аав хоёр маань саяхан хорвоог орхисон миний ахын өмсөж байсан хувцаснуудыг аван намайг дагуулан гэрээс гарав.Бид явсаар Цэнгэлдэх хүрээлэнгийн хажууханд байх жижигхэн төгөлд очив.Аав минь авч очсон хэсэгхэн модоо овоолон гал түллээ.Шөнийн гүн хөх тэнгэрт одод түгж, бидний асаасан гал дүрэлзэн асаж ойр орчиныг маань гэрэлтүүлнэ.
Муу ээж минь торноос ахын маань хүний гарт амь үрэгдэхдээ өмсөж явсан нил цус болсон цамц өмдийг нь аажуухан гаргаж ирээд бөөгнүүлж байгаад гал руу хийв.Бүгд гал руу ширтэн өөр өөрийн дотор хайрт хүү, хайртай ахынхаа тухай гүн бодолд автан дув дуугай сууцгаав.Бидний бодол галын очтой цуг алс харанхуй руу уусан замхарна.Ах минь өнгөрсөн цагт биш ,саяхан л амьд байсан.Одоо талийгаач минь биднийг тэнгэрээс харан биднийгээ ,муу ээж аав хоёроо өрөвдөн харж байгаа байх даа.Би яагаад ч юм энэ мөчийг хүртэл ямар нэгэн юманд итгэсээр, гэхдээ юунд итгээд байснаа мэдээгүй.Хаанаас ч юм ах минь инээмсэглэсээр бидэн лүү хүрээд ирэх ч юм шиг, энэ болгон зүүд ч юм шиг, эсвэл би хаа нэгтэй жингүйдээд байгаа ч юм шиг.Үгүй ээ энэ болгон үнэн ,чи зүүдлээгүй, чи яг энд байна гэх шиг гал улам дүрэлзэн асаж мод шад пад дуугаран шатна.
Ээж, аав руугаа харахаар тэднийгээ ямар ихээр өрөвдөн вэ? Энэ хоёр маань юу буруу хийлээ гэж энэ их зовлонг амсана вэ? Хоёр буурал маань толгойтой үсээ цайтал энэ хорвоогийн, энэ амьдралын сайн муу бүх л юмыг туулан өдийг хүрэхдээ арай ийм аймшигийг үзэн гэж бодоогүй байсан байх. Муу ээж маань юу бодож суугаа бол? Миний муу хүүг авахаар намайг ав гээд л дуусашгүй үхэшгүй амьтай юм шиг л өөрийгөө буруутган суугаа даа муу ээж минь.Би үүнээс хойш үр хүүхдээ өөрийнхөө өмнө оруулсан эх хүнийг хамгийн их, дааж давшгүй зовлонг үүрч яваа өрөвдмөөр нэгэн гэж боддог болсон.
Хүн амьдралыг хорвоогийн жам ёсоор орхино гэдэг бол амьдралын ёс.,жам юм.Гэтэл миний ах дөнгөж 33 настайдаа хорвоог орхин хөгшин буурал аав,ээж,ах дүү, хань ижил хайртай хүүгээ хагацлын хар сүүдэрт орхиод одсон.Өчигдөрхөн л бид нартай инээлдэн баяр жаргалаа хуваалцан ,эхнэр, хүүдээ-аав нь, одоохон найзтайгаа гараад ороод ирье гээд гарсан хүн одоо байхгүй болчихсон гэж бодохоор л нэг л сонин. Ирэх, болох ёстой үйл болохоороо хэнийг ч – хөгшин залуу гэж ялгалгүй л аваад явдаг юм байна.
Бидэнд ямар хэцүү байсан гээч, хэлэх ч үг алга.Гэхдээ ах,дүү бид ч яахав,өөр өөрсдийн амьдрал байгаа хойно түүндээ сатаарч түүртэж явсаар талийгаачаа санах үедээ санаад л санахгүй үедээ санахгүй явсаар нэг л мэдэхэд өдөр хоног өнгөрч өөрсдөө амьдралын жам ёсоор хорвоог орхино. Харин хүүгээ өчнөөн олон жил зовлон, жаргал,баяр гуниг , хүнд бэрх амьдрал дунд эрүүл саруул өсгөж бойжуулж хүний зэрэгтэй хүн болгочихоод түүнийгээ алдан гэдэг ямар ч эх хүнд байж боломгүй хүнд зовлон. Хүний нүдэнд бол хөгшин хар эр ч ижийдээ бол манцуйдаа тарвалзах мяндсан цагаан хүү нь юм чинь, аргагүй шүү дээ.
Бидний өнөөдөр зовлон гээд сүржигнээд байгаа юм болгон эх хүний ийм зовлонтой харьцуулахад юу ч биш.Бэрх зовлонг туулсан, тэвчээрийн туйл болсон сайхан буурал ээжүүддээ сөгдөн мөргөе.Би өөрөө эх хүн болоод л хань ижил үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн, эрүүл саруул амьдрах гэдэг амьдралын гол аз жаргал байдаг юм байна даа гэж ойлгож эхэлсэн.Үхэл бидний үр хүүхэдтэй хамт төрж ,үрээ үхлээс харамлах сэтгэлийг эх хүнд өгсөн. Ямартаа л ээж нар хүүхдүүдээ харанхуй шөнөөр гаргахдаа хар халзан туулай болгож,халуурч бүлээрэхэд нь биедээ нааж халууныг нь авч хичнээн олон аюул зовлонгоос харамлан хамгаалдаг билээ.Эх хүний үрээ хайрладаг хайрыг юутай ч зүйрлэшгүй, тийм хайрыг өөр хэнээс ч бид олж авахгүй.Тийм хайрыг бидний хайртай намхан, бондгор ээжүүд маань л бидэндээ харамгүй бялхтал өгдөг. Амьд бурхад -ээж та нартаа сөгдөн мөргөе.

Арлааны Эрдэнэ-очир
“Ижийтэй хүн үхдэгүй”
Ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий маань цээжиндээ наргүй болно
Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад
Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно
Талын хялгана сэргэж зун болохоо больж үзэгдэнэ
Тавилангийн цэцэг шивээлэн орчлон гандаж санагдана
ижийгээ амьдад үхэж болохгүй
Ижий минь цээжиндээ наргүй болно
Үндэстэй мод жилийн жилд л цэцэглэдэг
Үр нь амьд байхад эх хүн жаргадаг
Ижийгээн амьдад үхэж болохгүй
Ижий маань цээжиндээ наргүй болно
Үндэстэй мод жилийн жилд л цэцэглэдэг
Үр нь амьд байхад эх хүн жаргадаг
Ижийгээн амьдад үхэж болохгүй
Ижий маань цээжиндээ наргүй болно.
Энэ хорвоо дээрхи бүх ээжүүд маань үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн, эрүүл энх,урт удаан жаргахын сайхан ерөөлийг дэвшүүлье.
Хишигээ.
elaborate?