“Омог бардам ” сэтгэл

Сэтгэлийн 51 шинж чанар байдаг юм байна. Түүний нэгэн болох омог бардам сэтгэлийн тухай номноос уншсанаа та бүхэнтэйгээ хуваалцая гэж бодлоо.

“Омог бардам” сэтгэл

Бидний хамаг зовлон сэтгэлээс үүдэлтэй билээ. Зовлонгийн үндэс нь хувь хүн өөрийнхөө талаар алдаатай бодсон бодол юм.Нэг үгээр “Би” гэсэн үзэл билээ.

Бодит байдал дээр бидний би бол бие, сэтгэлийн нийлэмжийг бидний нэрээр нэрлэсэн, тохиролцоо нэр төдийгөөс цаашгүй юм. “Би” бие ба сэтгэл дээр оршихгүй байтал бид өөрсдийгөө мөн чанартай, бие даан оршиж буй хувь хүмүүс хэмээн дотоод буруу бодолтой байдаг. Энэхүү буруу бодол нь хамаг зовлонгийн эх үүсвэр болдог. Учир нь байнга “Би”-гийн тухай бодож, оршихгүй байгаа “Би”-г жинхэнэ “Би” гэж итгэснээс, уур, шунал, омог гэх мэт хорт сэтгэлийг үүсгэж, тэдгээр хороор бусдыг болон өөрийгөө хорлодог.

Өөрийгөө хэт тоох, айх зэвүүцэх, уур хилэн зэрэг сөрөг энерги агуулсан энэхүү зохист бус итгэл үнэмшил, зангууд бидний сэтгэлийг боолчилон эзэмдэж, амьдралын бодит байдлыг гуйвуулан хувиргадаг.

Өөрийнхөө бий болгож өдий хүртэл тээж ирсэн “Би” руу чинь хэн нэгэн заналхийлэхэд та ухаангүй уурладаг. Өөрийн төрхийг баярлуулахад хөөрөмшил үүсэж өөрийг бусдаас дээгүүр гэж бодсоноор хямсгар болно.

Ихэнхи хүмүүс ойр дотны хүнтэйгээ харьцахдаа зөнгөөрөө байж чаддаггүй.Энэ нь өөрийнхөө тухай хэт их бодож, бусад хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол гэх сэтгэлээс үүдэлтэй байдаг.

Зарим хүмүүс жинхэнэ “Би”-гээ бүрхэвчээс нь гаргахыг үнэхээр хүсэвч ихэнхи тохиолдолд энэ нь нийгэм, найз нөхдөөс шалтгаалан \ ямарху найз нөхөдтэй нөхөрлөж нийлж байгаагаас \бүтэлгүй болох ч юм уу, галзуу солиотой, тэнэг гэх мэт нэр хочийг авдаг.

Нэг талаас хүмүүс миний жинхэнэ “Би”-гийн сайн талыг мэдээсэй, нөгөө талаас жинхэнэ “Би”-гийн сул талуудыг олоод мэдчих вий гэсэн 2 бодлын дунд зөрчилддөг. Ийм үед л сэтгэл зовоод байгаа жинхэнэ “Би” гэж байдаггүй гэдгийг хэлж чаддаг найз нөхөд\үнэнчээр зөвлөх\, юм уу багштай байх хэрэгтэй.

Бурхан багшийн сургаалиар : омог нь өөрийгөө чухалд үзэх хөөрөмшил ба түүн дотор өөрийн төрхийг анхнаасаа алдаатай тусгаж, дараа нь өөрийгөө бусдаас илүү дээгүүр хэмээх итгэл сэтгэлд багтсанаас үүддэг. Омог нь өөрийн бий болгосон хуурамч дээгүүр дүр төрхөө хэт хүчтэй барьж бусдыг үл хүндэлдэг, ингэснээрээ эргэн тойрны хүмүүс болон өөрийгөө амар, тайван байх боломжгүй, түгшүүртэй нөхөрсөг бус уур амьсгалыг бий болгодог. Өөрийн тухай бодол “Би” үзэлтэйгээ нягт холбоо уяалдаатай байгаа цагт омог ямагт өөрийгөө хамгаалах эсвэл бусдыг бурутган шүүмжилж байдаг.

Омог бардамналын 7 хэлбэр байдаг.

Эхний 3 хэлбэр нь эд баялаг, нийгмийн байдалтай холбоотой:

1. Өөрөөс доогуур байр суурьтай хүмүүс дорой харагдаж, өөрийгөө дээгүүрт тавина.

2. Адил байр суурьтай хүмүүстэй хаьцахдаа ямар нэгэн хэлбэрээр өөрийгөө онцолж  онцгой өөр хэмээн дээгүүр бодно.

3. Өөрөөсөө дээр байр суурьтай  хүмүүсийн алдаа дутагдлыг түрэмгий байдлаар зааж, өөрийгөө тэднээс бас л дээгүүр боддог.

4. Өөрийн бие ба сэтгэлийг төгс төгөлдөр “Би” хэмээн боддог . “Би” бусдад дийлэгдэхийг, ялагдахыг тэсвэрлэж чаддаггүй.

5. Омог бардамналын дараах хэлбэр нь шашины хүмүүст ажиглагддаг бөгөөд тэдгээр хүмүүс өөрийгөө хэт чухалчилан, ном эрдэм төгөлдөр болж, бурхан  багшийн шадар тойруул болсон мэтээр аяглах байдал юм.

6. Энэ хэлбэрт: Хуурмаг даруу зан гаргах явдал юм. Алдартай хүний дэргэд даруу загнаж, харин дотроо их зантайгаар “Би их чухал хүн учраас энэ алдартай хүний хажууд байгаа юм” гэж бодно.

7. Хамгийн сүүлчийн хэлбэр нь :Буруу  бардамнал билээ.Жишээ нь өөрийгөө бусдаас онцгой, ёс, ердийн хэмжээнд захирагдахгүй түүнээс дээгүүр хэмээн итгэснээс бусармаг үйл үйлдэх. Энэ бардамнал ялангуяа олны итгэл найдвар хүлээсэн хүмүүст их гардаг. Яг үнэнийг хэлэхэд бид бүгд омог бардам зангаас болж зовдог нь  илэрхий.

Бардам сэтгэлтэй гэдгээ мэдэж түүний гэмийг ойлгох нь энэ чөтгөрөөс салах анхны алхам болно. Мөн бардамналыг шийдэх тодорхой арга бол “жинхэн би” үндсээрээ оршихгүй гэдгийг таньж мэдэх юм\хоосоны үзэл\. Эхэндээ энэ  бодол таныг маш ихээр айлгаж магадгүй, яагаад гэвэл бид өөрсдийнхөө хүмүүсийг ч өвтгөхөөс ч буцдаггүй. Жинхэнэ “Би”-гийн тухай үзэл буруу учраас буруу үзлээс салахын  чухал нь – сэтгэлийн ээдрээнээс ангижран, зөнгөөрөө бололцоотой гэж мэдрээд байгаа тэр хязгааргүй аз жаргалыг эдлэх түүнийг өөртөө бий болгох  зам юм.

Бурхан багшаас бидэнд өгсөн аз жаргалын жорын нэг тал нь “Би” үгүйг мэдэх, нөгөө тал нь хамаг амьтаныг асран хайрлах сэтгэл юм. Үнэндээ хамаг амьтныг асран хайрлахад хоосон чанарын тухай ойлголт  маш чухал. Учир нь хоосон чанарыг ойлгож хүлээн авах билэг ухаан үгүй бол бусдыг шунал, уур хилэн, мунхаглалаар ялгаварлахаас салж чадахгүй.

Омог бардамналын хамгийн муу тал нь их зантай бодлоор хайрлаж болохгүй хэмээн тооцсон хүмүүсийг хайрлаж чадахгүйд хүрдэг.

Омог бардамнал нь биднийг ганцаардлын шилэн бүрхүүлд тусгаарладаг бөгөөд тэр шилийг даруу зангаар л хагална. Даруу зан нь сул дорой нь шинж биш, харин бардам, дээрэнгүй зан нь сул дорой нь шинж билээ.

Зөвхөн өөрийнхөө тухай бодож бусдыг дорд үзэхийн оронд бусдын сайн чанарыг олж харж, тэдний аз жаргал, сайн хувь заяанд  үнэн сэтгэлээсээ баярладаг байх хэрэгтэй билээ. Матай гэгээнтний “Зөөлөн аядуу зан энэ дэлхий ертөнцийг залгамжлан өвлөнө” гэсэн сургааль ямар үнэн бэ.

Тиймээ, өнөөдөрийн нийгэмд өөрөөрөө байх шиг хэцүү юм алга . Бид өөрсдийгөө л дөвийлгөн чухал хүн болцгоож  бусдын муу талыг л олж хараад байгаа болохоос биш ,хүний  сайн талыг нь олж хараад  хүнийг зөвөөр ойлгож , урам хайрладаг нь  хэд билээ?  Яагаад бид өөрсдийнхөө санаа бодол, хүсэл мөрөөдлөө ямар ч хаалтгүйгээр илэрхийлж болохгүй гэж.Амьдрал өөрөө хасах нэмэх, дээшээ доошоо, баяр баясал уйтгар гуниг бүх юм хосолдог. Нэгэн хором ч гэсэн сэтгэлээрээ өөрөө өөрөөрөө байх жаргалыг эдэлцгээе.

                                                                                                                             Хишигээ.



elaborate?