Ижий бид хоёр

Гомпилдоогийн Мөнхцэцэг.

Ижий бид хоёр

Унах  газрын хатуг ижийнхээ хүйгээр сонсож

Уутан дотор нүдээ нээлгүй залбирч

Ухааны хагасаа тэнд л орхиж ирсэн минь

Угтаа л ижийдээ хоргодохын үйлээ

Хөх утаа нар үзэн дальдчиж

Хөхөмдөг тал ижийн минь үнэртэй

Хоногоор өсөх үрээ харж баярладаг ч

Хорвоо хоёр нүдтэйг мартдаг аа

Чарлаж сэрээхэд чинь өрөвдсөн миний хайр тэр гэж

Цайсан үсний үзүүрт саран авхай эргэлдэнэ

Чаргуулдаж дагахад чинь дуулгасан миний хов энэ гэж

Цэнхэр дээлнийх нь хээ цэцгээ бөхийлгөж гандана.

Эмсгий араг үг хэлэх шиг жаажигнаж

Эгчирхэж дандаа үүрүүлнэ

Сайхан ижийтэй чинь нас минь чацуу гэж

Шүдгүй буйл шиг аргал цувуулж маажигнана

Буйдхан газрын тэнүүлч үхлээс

Буруу харуулж ижий минь намайг цухуйлгахад

Бүр хожмоо сонсох тэнгэрийн үнэнийг үзэх гэж

Бүтэн бие минь эхэлж зулайгаа нээсэн

Мөнхийн усны эрэлд намрын нүд хуурайлж

Мөлхөж дөхсөөр хорвоогийн найранд ирэхэд

Навчны охин нарны хүүтэй хувааж

Надад үлдээсэнгүй ээ

Адилхан цэцэгийн өвөрт хоносон шүүдрээс

Ачыг тэнцүүлэх зовлонгоо гуйхад минь

Алганы хонхорхойг ховдог гэж зэмлээд

Алтанцэцэгийн үндэс нь нохойгоо хорьж өгсөнгүй ээ

Мөлийтөл эрсэн орчлонгийн цөхрөлд

Мээмээ ололгүй үр нь төөрнө

Мөөмөн толгойд шингэх ганцхан халуун дуслаар

Миний ижий бидэн хоёр эгшиж холдоно.

Америкийн тэнгэр доор

Амьжиж уулзсан дэлхийдээ,   хайр хүрэв.

Г. Мөнхцэцэг



elaborate?