Бясалгал

 Бурхны шашны ёсонд бясалгалын зорилго нь эхлээд сэтгэлийн зүг чиггүй янз бүрийн бодол, хөдөлгөөний шуугианыг намдаах , дараа нь өөрийн оршин буй талаар сайтар шинжлэн бодоход тэрхүү төвлөрлөө чиглүүлэх юм. Зөв удирдамж, зохих хичээл зүтгэлтэй бясалгавал оршихуйн уг чанарыг шууд ойлгоход хүргэж болдог. Энэхүү билэг ухаан нь хамаг зовлонгийн шалтгаан болсон “Би”-г эрхэмлэх мунхаглалыг арилган үгүй болгодог.

Бясалгалын хоёр дахь үүрэг бол асархуй тэргүүтэн буяны сайн зүгт сэтгэлээ дадуулахад хэрэгтэй.

Бясалгал нь  таны амьдралыг маш ихээр сайжруулж , өөртөө итгэх итгэл, аз жаргалын түшиг тулгуур болж , түүн дээр тулгуурлан хичээл зүтгэл бадран, билиг ухаанд хүрнэ.

Бясалгагчид бясалгалыг хийхдээ сэтгэлээ тухайн сонгосон орон –Бурханы дүрийг сэтгэлийн дүрслэл дээр төвлөрүүлж, тэрхүү орныг сэтгэлээ сарниулалгүй тогтоон барьдаг. Эхний үед сэтгэл баригдахгүй эмнэг хангал шиг байх бөгөөд төвлөрч байгаа орноо нэг секундээс илүү тогтоон барьж чаддаггүй. Морио сайн уяагаар уяж болдог шиг хичээнгүй зүтгэлээр орондоо төвлөрч чадна. Тэр уяа бол сэрэмж бөгөөд, сэрэмж нь дүрээ санаж сэтгэлээ түүнд тогтоодог. Сэрэмж бүрэн хэмжээгээр хүчтэй бэхжих хүртэл сэтгэл голдуу хүслийн төсөөлөлд хальтран орж , чөлөөтэй сарнин , тэр байтугай бясалгаж байгаа гэдгээ ч мартаж орхидог.

Эдгээр сэтгэлийн догшролтын  тотгоруудыг зогсоож , тухайн орноо тогтоон барих үед өөр нэгэн тотгор буюу будангуйрал бий болдог. Хэдийгээр төвлөрлийн орон байгаа боловч  түүний тодорхой байдал нь алдагдаж сэтгэл харанхуйлдаг. Нойр шиг байдалд орохоороо сайн бясалгал болж байна гэж боддог, боловч бодит байдал дээр үхэр шиг мохоо сэтгэлтэй болох үйлийг бүтээдэг.

Догшрох болон будангуйрах хоёр тотгор тухайн орны төвлөрлийг удаа дараа  тасдуулдаг учраас мэдэмсэр буюу маш нарийн байж болох эдгээр хоёр тотгорыг сэтгэлд үүсэх эсэхийг ажигладаг.

Мэдэмсэр нь дохио дуугаргаж , сэрэмж нь сэрж сэтгэлээ бясалгалын орондоо дахин байрлуулна. Үр дүн нь ихэнхдээ аажим гардаг ба өөрийнхөө сэтгэлийг урьдын адил галзуу хэвээрээ гэж боддог хүмүүст анзаарагдахгүй. Гэхдээ хүмүүст” ийм юм болж байхад чи яаж тайван байна аа, чи ямар эм уугаад байгаа юм бэ? “ гэж асуугаад эхэлбэл таньд ямар нэгэн зүйл болж  та өөрчлөгдөж байна гэж бодоорой.

АУРА

Дорно дахины тарнийн ёсоор хүн нь зөвхөн бие махбодиос биш мөн энгийн нүдээр олж харах аргагүй өөр зургаан нарийн биеэс бүтдэг хэмээн нотолдог.

Эдгээр нь бидний махбодийн гадуур нь биш дотор, болон эргэн тойронд нь оршино. Энэ 6 янзын өнгөтэй гэрлэн биесийг “ Аура” гэж тоймолж нэрлэдэг. Аура нь бидний нүдэнд харагдахгүй ,махан биеийг тойроод өндгөн хэлбэртэй бүрхэж байдаг. Аура нь хүний махан биетэй нийлээд 7 давхрагтай. Үүнд:Физик буюу махан бие, Эфир, Астрал, Ментал \санаа бодол\, Казуаль \тэнгэрийн\, Будхи \Буддын\, Атми \Титэм\ юм.

Үүнийг мэдэрч зургийг нь авдаг тусгай аурокамерууд бий болсон. Аура гэрлээ цэвэр бүрэн бүтэн байлгахыг хүн болгон асар ихээр хүчээх хэрэгтэй ба ийм байлгахад бясалгалаас гадна, мөн энгийн аргуудаар өөрийнхөө гэрлэн бүрхүүлийг цэвэрлэн хамгаалах явдал юм.

Хамгийн энгийн арга нь сэтгэлдээ муу муухай юм бодохгүй,худал хэлэх, бусдын талаар муу юм ярихгүй,буруу үйлдэл хийхгүй, хэрэв өөрт таалагдаагүй сөрөг энерги агуулсан хүнтэй уулзвал уулзсаныхаа  дараа шүршүүрт орох, арц хүж уугиулан гэрлэн бүрхүүлээ ариутгах гэх мэт орно.

БЯСАЛГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

 

Бурханы шашны олон талт үйл ажиллагааны дотор бясалгал хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Орчин үед шинжлэх ухаан, техник ихээхэн хөгжиж байна. Үүний зэрэгцээ хүн төрөлхтөн өөрийн оюун ухааны дотоод чадамжийг хөгжүүлснээр нийгэмд их тус хүргэхийг эрж хайх болжээ. Энэ нь зөвхөн өндөр мэдлэг эзэмших төдийгөөр бус оюун ухаанаа хөгжүүлснээр хүн өөрийгөө төгөлдөржүүлж чадахаас тэр юм. Бясалгалын доод шат нь өөртөө амирлангуйг олж нүглээс ангижрах явдал мөн бол дээд шат нь хүний оюун сэтгэцийн нөөц хэсгийг ажиллагаанд оруулж, ид шидийн гэмээр гайхамшигт хүч чадварыг эзэмших явдал юм.

 

БЯСАЛГАЛ ЯМАР ТУСТАЙ ВЭ?

 

1.Сэтгэл санааг  бохирдлоос  арилгаж, амирлангуй    болгоно.
2. Хүний биеийн энергийг идэвхжүүлснээр өвчин эмгэгийг ангаана.

3. Оюун ухааныг хөгжүүлж, бүтээлч чадвар нэмэгдүүлнэ.

4.Дотоод сэтгэлийн гэгээрлийг олсноор, ухаалаг сэтгэхүй, зөв хэл яриатай болно.
5. Хүний сэтгэцийн нөөц бололцоог ашиглаж чадсанаар, ер бусын их хүч чадлыг эзэмшинэ.

 

БЯСАЛГАЛ ХЭДЭН ТӨРӨЛ БАЙДАГ ВЭ?

 Бодь сэтгэлээс үүссэн ертөнц ба ертөнцөөс давсан хоёр янзын бясалгал байдаг. Бясалгалыг хоёр хувааж болно.

 1-рт  ,Амирлан ахуй  бясалгал

2- рт, Үлэмж  үзэхүй бясалгал

 Сэтгэлээ төвлөрүүлж, сурсанаар бие, хэл, сэтгэл амирлан орших болно. Төвлөрүүлэх гэдэг нь санаа бодлоо сарнихыг зогсоож, нэгэн зүйлд төвлөрөх чадварыг төгс төгөлдөр эзэмших зорилготой юм. Санаа бодлоо нэгэн зүйлд тухайлбал, Бурханы хөрөг, уран баримал, зүл, лааны гэрэл, эсвэл амьсгал болон зүрхний цохилт зэргийн аль нэгийг сонгож аваад түүн дээрээ төвлөрүүлэн бясалгаж болно. Амирлан орших бясалгалын олон үе шатыг гүйцээснээр бодь сэтгэлийг эрхшээх болно.

Билгийн чанад үлэмж үзэхүйн гол нь бясалгалаа улам шатлан гүнзгийрүүлэх явдал юм. Билгийн чанад үлэмж үзэхүйн бясалгалаар бие, хэл, сэтгэлээрээ хоосон чанарыг таньж мэдээд, дотоод сэтгэлийн гүнд нэвтрэх явдал болно. Амирлан ахуйн гол нь дотоод бодь сэтгэлийн амирлангуйтай холбоотой бол үлэмж үзэхүйн хувьд хоосон чанарыг бүрэн таньж гэгээрэх явдал гэж хэлж болох боловч аль аль нь Их хөлгөний номлолоор бусдын тусын тулд зориулах явдал болохоос бус, өөрийн тусад үйлддэггүй юм. Тэгэхээр амирлангуйг олох ч гэсэн, үлэмж үзэхүй ч гэсэн бусдын тусын тулд өөрийгөө золиослох явдал юм. Үлэмж үзэхүй бясалгалын хүчийг бүрэн эзэмшвэл бусдын оюун санаанд, эрүүл мэндэд үйлчлэл үзүүлээд зогсохгүй байгалийн хүчийг захирах хүчийг олно. Хүн энэ бүхнийг бясалгалд сайтар мэргэжиж хоосон чанарыг илт мэдэж байж олж авах нь мэдээж.

 

БЯСАЛГАЛ ҮЙЛДЭХЭД ТОХИОЛДОХ ХОЁР СААД

 Бясалгал үйлдэхэд живэх, догширох гэж хоёр саад тохиолдож болно. Живэх гэдэг нь бясалгал хийж байгаа хүн хагас унтаа байдалд орж мунхрахыг хэлнэ. Догшрох гэдэг нь, сэтгэл тогтохгүй байх явдал юм. Сэтгэл тогтохгүй байх нь өөрийн сэтгэлээ номхотгож, шуналаас ангижирч чадаагүйтэй холбоотой.

                                             БЯСАЛГАЛ ХИЙХЭД ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ?

1.Зүүн  хөл  дээрээ баруун хөлөө тавьж завилж сууна
2. Алгаа дээш харуулж, баруун гараа зүүн гар дээрээ тавьж, эрхий хурууны үзүүрийг нийлүүлнэ.
3. Биеэ султгаад булчин бүрээ амраана. Бодол санаагаа бүхий л зүйлийн элдэв янзын    түгшүүрээс бүрэн чөлөөлнө
 4.Нурууны  голоор  сум шаасан  мэт шулуун  болгоно
5.Хоёр мөр  тэв  тэгшхэн байна.
6.Толгой  тэгш мөртлөө бага зэрэг   духайсан
7.Шүд, хэлийг  яг байранд  нь сулхан болгосон.
8.Нүдний хараа хамрын үзүүр дээр буусан байх буюу эсвэл нүдээ аньсан байж ч болно

АМЬСГАЛ ДЭЭР ТӨВЛӨРҮҮЛЭХ БЯСАЛГАЛ

 Зөөлнөөр гадагш, дотогш амьсгална. Гагцхүү зөөлнөөр… удаан… гэхдээ аль болох гүн… амьсгалахыг бодох. Тэгээд дотогш амьсгалахдаа сэтгэл санаандаа «Буд», гадагш гаргахдаа «дхо» гэж давтана. Өөрөөр хэлбэл, Буддхо гэж Бурхан багшийн нэрийг «пали» дуудлагаар нь хэлж байна. Эсвэл зүгээр амьсгалаа тоолох маягаар хийж болох ба бясалгал хийж байхдаа өөр зүйл бодсоны хэрэггүй. Бясалгал үйлдэхдээ болж өгвөл чимээгүй орчинд хөгжмийн намуун аяанд хийж болно.Эхэлж бясалгалыг хийхдээ дадлагжуулах маягаар  цөөн хэдэн минутаар хийж улмаар минутаа аажим аажимаар уртасгана. Амьсгалаа зүгээр нэг тоолох биш харин ямар амьгал оров гарав гэдэг дээр бас анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.\халуун дулаан, хүйтэн гэх мэт\

 

БУРХАНЫ ХӨРӨГ ХАРЖ БЯСАЛГАЛ ҮЙЛДЭХ НЬ

 Тус бясалгал хийхдээ эхэлж хийж буй хүн Бурхан багшийн хөрөг зураг эсвэл баримал өмнөө тавьж дараа нь нүдээ аньж сэтгэлдээ хоногшуулах байдлаар дасгалжуулах хэрэгтэй. Нүдээ аних үед сэтгэлд Бурхан багш зураг байдлаар бус яг өөрийн биеэр өмнө буй мэтээр төсөөлөх нь тийм ч амар зүйл биш. Гэвч байнга дасгалжсаар ийм бодит байдлыг мэдрэх бүрэн боломжтой. Бурхан багшийг хэрхэн төсөөлөхийг дэлгэрүүлбэл:

Лянхуа цэцэг хийгээд саран дэвсгэрийн дээр ялгуусан Шагиамуни Бурхан багш алтан өнгөт биетэй, тэргүүнийхээ оройд үсээ бөөрөнхийлж боосон хоёр мутрын барууныг газарт хүргэсэн, зүүнийг тэгш асуулсны дээр рашаанаар дүүргэсэн бадар аяга бариад улбар шаргал өнгөт номт хувцас өмссөн, гэрлийн мөн чанартай, биеийн гэгээнээс үүдсэн гэрэл дунд, хоёр өлмийг очир завиллаар суусан хэмээн сэтгэлдээ зураглах ёстой. Чин сэтгэлээс бясалгаваас тод мэдрэх болно.

Ингээд өөрөө би орчлонгийн зовлонгийн гэмээс ангижирч, эрдэм цаглашгүй төгөлдөр Бурхан багш аварна хэмээн сургаал номлогч лам багшаа эхэнд нь дурдаж гурван эрдэнэдээ сүсэглэн:

Ламд        итгэнэ
Бурханд   итгэнэ
Номонд   итгэнэ
Хуврагт    итгэнэ      хэмээн дөрвөн итгэлийг уншина.

 

Ингэж унших үед авралын орон буюу Бурхан багшийн биеэс гэрэл хэмжээлшгүй цацран бүхий л биед маань шингэсэн муу үйл хилэнц, түйтгэр сэлтэс бүгд алга болж арилан ариуслаа хэмээн санаж, Бурхан багш гэрлийн байдлаар зүрхэнд минь оршсоноор би өөрөө Бурхан боллоо хэмээн санана. Бурхан багшийн биеийг сэтгэлдээ дүрслэхдээ том жижиг нь чухал биш. Сэтгэлдээ багтах байдлаар бодох нь зөв юм. Тэгээд цаашдаа бодож чадах болсон үедээ томруулж, багасгаж дүрслэн бодсоноор бясалгалын чадамж дээшилнэ. Лам, гурван эрдэнэдээ унших залбирлыг гурван удаа уншиж болно. Бие, хэл, сэтгэл гурваа ариусгаж Бурхан багшийг сэтгэлдээ бий болгох нь Бурханы шашинт хүний өдөр дутмын бясалгалын нэг юм.

 

БЯСАЛГАЛЫГ ХЭНЭЭР УДИРДУУЛАХ ВЭ?

 

Бясалгалын талаар товч хураангуйлбал, сэтгэл санаа гадагш хүч чадлаа алдахыг төвлөрөлөөр хурааж, Бурханыг сэтгэлдээ бүтээж, бие, хэл, сэтгэлээ ариусгаж, дотоод сэтгэлийн хүчин чадлын увьдисыг олж авах явдал юм гэж хураангуйлж болно.

Дээр зөвхөн бясалгал эхэлж буй хүмүүст зориулж хялбархнаас нь танилцуулж байна. Гэхдээ аль ч бясалгалыг зөв, тогтмол хийж чадвал асар их тустайг мартаж болохгүй. Анхан шатны бясалгалыг сайн хийж сурвал хүнд маш их зүйл өгнө. Өөрөөр хэлбэл ямар ч хүнд бясалгал хийхэд хялбар байх болно. Түргэн хугацаанд төвлөрөлд орж чадах явдал бол бясалгалын хамгийн гол үр дүн юм. Үр ашигтай бясалгал хийхийг хүсвэл туршлагатай лам юм уу, бясалгалд мэргэшсэн багшаар заалгах нь амжилтанд хүрэхийн эх сурвалж юм.

 



elaborate?