
Суваг даган урсах цасны хүйтэн ус мэт
Сул асгарах нулимсаа эцэг минь дийлэхгүй хэнд гомдов
Суварга хайрханд шингэх нар түүнийг даган гудайхад
Сувдан цагаан үүл зангирч харлаад бороошив
Хураар уйлагнах тэнгэр зунжин бороошоод дууссан ч
Хүйтэн намрын салхинд бут нахиалж амжсангүй
Хөх тогорууны цуваа зэллэж нисээд одсон ч
Хуйлрах шуурганд анивчсан нуураа мартаж чадсангүй
Эрт ирсэн өвөл тэнгэрийн гунигийг дарж
Элс хийссэн нууранд цас дүүргэж өгсөн ч
Энэрэлгүй шуурга уурсан яргуйг ч өрөвдөлгүй шавхуурдсаар
Ээрэм цагаан талд гантай зуны өглөө
Газрын гүний ус савандаа багтахгүй оргилох мэт
Гадагш урсах нулимсаа дийлэхгүй эцэг минь хэнд баярлав
Говийн зэрэглээнд шингэх нар түүнийг даган жаргахад
Гантай зуны тэнгэр ганцхан өдөр бороошлоо
Хатсан нуурын ёроолд ус тогтож цэлэлзэв
Хөх тогорууны цуваа үдлэж буугаад нисэв
Хязгааргүй талыг ундаалж тэнгэр эцэг шингэв
Хүмүүн заяа нахиалж хөх тошлой ургав.
БАЗАРЫН МӨНХДЭЛГЭР
elaborate?