Үргэлжлэл…
“Номын ном” бөлөгөөс \дөрвөн үнэн\
Аяа хүний ертөнц зовлон зүдүүрээр дүүрэн
Амьдрах хийгээд өтлөх, өвдөх, үхэх нь зовлон
Амраг хайртаасаа хагацах, аягүй дургүйтэй учрах нь зовлон
Аливаа юманд дасаж, бас хүссэндээ хүрэхгүй бол зовлон \энэ бол зовлонгийн үнэн юм\
Ахуй орчлонгийн зовлон нь тачаал шуналаас үүдэлтэй
Асар хүчтэй хүслэнгээс, тэр тачаал шунал үндэстэй
Аливаа харсан сонссон бүхнээ, хүсч эхлэх зовохын үүдэн
Амьдралаас уйдаж үхэхийг хүсэх нь зовлонгийн учраа.
\энэ бол зовлонгийн учир шалтгааны үнэн юм\
Эгээ зовлонгоос салахын тулд найман зөв зам мөрийг хөөх
Эдгээр нь, зөв үзэл, зөв бодол, зөв үг, зөв амьдрах хийгээд
Эвтэй зөв санаж, эгээрэх санаагаа зөв төвлөрүүлэх болоод
Энэхүү цангааг тайлагч найман мөрийн зөв замын үнэн хэмээнэ.
Номыг дагавал харанхуйд бамбар асаасантай адил буюу
Номыг дагавал дөрвөн үнэнийг ухаарч, оюуны зулыг олох буюу
Номыг дагавал үнэний ачаар, мөнх бус ертөнцөд гэгээрэх буюу
Номыг дагаж үнэнийг ухаарснаар ,харанхуй мунхагийг арилгах буюу
Хүмүүний зовлон зүдүүрт, учир шалтгаан буйн адил
Хүрэхүйн зөв замыг дагаваас гэгээрэхийн адил
Хүй хорвоогийн бүх юмс нөхцөл бүрэлдэхийн үр дагавар юм
Хүртэж нөхцөл бүрэлдэхэд бүх юм буй болж, бас арилмой.
Цэнгэг хур орох, салхи нь үлээх нь нөхцөл бүрэлдэхээс болж буй
Цэцэг дэлгэрэх, навч гандах нь, нөхцөл бүрэлдэхээс болж буй
Эцэг эхийн хоорондоос хүн мэндлэх нь, нөхцөл бүрэлдэхээс
Энэ бие сэтгэл нөхцөл бүрэлдсэнээс оршиж бас өөрчлөгдмой.
Цаг нь болж нөхцөл бүрэлдэхэд, бүх юм ургаж төрөх нь үнэн юм
Цаг нь болж нөхцөл бүрэлдэхэд, бүх юм унаж хатах нь үнэн юм
Цаглашгүй ертөнцөд бүх юм өөрчлөгдөн хувирах нь үнэн юм
Цорын ганц хувирашгүй үнэн нь, эс байх нь үнэн юм.
Зовинол уйтгар гуниг, хүний санаа бодолд оршино
Зовлон зүдгүүр хүний сэтгэлийг хөдөлгөөнд оршино.
Өндөр алдар,эд баялаг, зугаа цэнгэлд дадаж дассанаас
Өөрөө өөртөө ч бас дассанаас, зовлон зүдүүр тасардаггүй.
Энэ ертөнцөд хэзээний, аюул сүйрэл оршиж байдаг
Эгэл хүн аюул сүйрэл, өтлөх, өвдөх, үхэхээс зайлж чадахгүйн учир
Эгнэгт зовлон зүдгүүр, уйтгар гунигт автаж байдаг
Эргээд дадах сэтгэлийг язгуурт нь, мунхаг хомхой ноёлж байдаг.
Хүмүүс өөрийн үйлийн цэцэрлэгт, санаа сэтгэлийнхээ үрийг цацаж
Хүлцэшгүй мунхаг харанхуйн хөрсөөр түүнээ бас хучиж.
Хувиа хичээх, ховдог хомхой сэтгэлийн бороогоор усалснаас
Хуу ташаа үзэл бодлын ургацыг ургуулж чингээд төөрөлддөгөө.
Санаа сэтгэл урсаж буй ус, дүрэлзэж буй дөл адил хувирч
Сармагчин лугаа адил байрандаа эс тогтож байнгын хөдөлгөөнд,
Сац бас өчүүхэн төдий ч амар байж үл чадах агаад
Сайтар тунгааваас бие сэтгэлдээ дасаж баригдахаа боливол гэгээрнэ.
Энэ ертөнцөд өөрчилж үл чадах таван зүйл буй.
Энэ нь нэгдүгээрт: Өтлөх хууль байхад үл өтлөх,
Энэ нь хоёрдугаарт: Өвдөх жам байхад үл өвдөх,
Энэ нь гуравдугаарт: Үхэх жам байхад үл үхэх
Энэ нь дөрөвдүгээрт: Эвдэрч өмхрөх жам байхад үл мөхөх
Энэ нь тавдугаарт: Шавхагдаж дуусах жам байхад үл шавхагдах
Энгийн хүмүүс эдгээр зайлшгүй жамтай тулгармагцаа зовж шаналдаг
Энэ жамыг ухаарч багшийн сургаалд гэгээрсэн нь чөлөөтэй байдаг.
Үргэлжлэл бий…
elaborate?