Салхи хөдөлгөөгүй үүл мэт охинд
Сансарын эрхэс зай тавин угтдаг
Сархад сөгнөөгүй жүнз мэт бүсгүйд
Сарны туяа гэрэл цацран тусдаг
Шуурганд налаагүй зэгс мэт охинд
Шувуудын жиргээ аяс болон очдог
Шугуйд төөрөөгүй янзага мэт бүсгүйд
Шөнийн одод нар болон буудаг
Хадан доорхи булаг мэт охинд
Хагдны өвс цэцэг болон ургадаг
Халуунд хагараагүй жимс мэт бүсгүйд
Хараацайн жигүүр сэрүү татан ирдэг
Зөгий суугаагүй цэцэг мэт охинд
Зүрхний дурлал жаргал амтлан буудаг
Зүү хөндөөгүй торго мэт бүсгүйд
Зүүдний мөрөөдөл хайр мэтгэн ирдэг
Базарын Мөнхдэлгэр

elaborate?