Бурхан багшийн сургаал

Үргэлжлэл

Энэ ертөнцөд өөр бас дөрвөн үнэн буй.

1.Амьд бүхэн мунхагийн харанхуйгаас төрж буй болдог.

2.Аливаа хүссэн бүхэн хувирамтгай тул зовлон зүдүүр авчирдаг

3.Ахуй буй юм бүхэн байнгын чанаргүй хувирч өөрчлөгдөж байдаг.

4.Адагт нь тунгааваас “Би” бээр, “Миний”-бээр аль аль нь үгүй ээ.

Гэгээрэх, төөрөгдөхийн аль аль нь санаа сэтгэлээс ургана.

Гэнэт илбэчний ханцуйнаас янз янзын юм гарахтай адилаа.

Гээд сэтгэл санаа хөдлөх нь төгсгөлгүй, нөөц бололцоо нь хязгааргүй.

Гэгээн сэтгэл ариун ертөнцийг, бузартсан нь бузартсан ертөнцийг бий болгожээ.

Ертөнцийн юм бүхнийг санаа сэтгэл буй болгож удирдана

Ер сэтгэл нь бузартсан хүнийг зовлон зүдүүр дагадгийг үлгэрлэвэл

Ерөөс шар үхрийн араас үхэр тэрэг үргэлж дагахтай адилаа

Ер нь сайн санааг сайн үйл дагах нь, сүүдэр нь эзнээ лугаа.

Номын “Бодь мөрийн зэрэг” бөлөг

 

4. Ариун шударга үг

4 1 ээс

Өөрийг нь хараалаа доромжилоо зодож жанчлаа хэмээн

Өс гомдол бодсон хүний гомдол нь огт тайлагддаггүй

Өнөөх гомдсоноо цаг үргэлж бодвол гомдол үл тайлагдана

Өнөд бүр гомдлоо мартсанаар л тайлж болно.

Ухарч залхуурах зан бол, үхэлд хүргэх хамгийн дөт зам

Уйгагүй хөдөлмөрч зан бол, амьдралын зам мөн билээ.

Уран хүн нум сум хийхдээ, сумаа харуулдан засахын адил

Ухаант хүн ямагт сэтгэлээ засч тэгш шулуун болгоно.

Хөдөлж хөөрөх нь амархан ч тайвширч номхрох нь амаргүй

Хөөрч догдолсон сэтгэлээ барих нь түүнээс ч бүр амаргүй

Хүнд өст этгээд дайснаас нь илүү хор хөнөөлийг сэтгэл нь хүргэдэг

Хүсэл шунал уур хилэнгээс сэтгэлээ хол байлгаж амарлингуйг хүртэнэ

 

4 -2-оос

Ажил үйлсээрээ батлахгүй байж, сайхан үг урсгах нь

Анхилуун гоё үнэргүй, цэцэг лүгээ адил бөлгөө

Аясын салхины эсрэг цэцэгсийн үнэр үл ханхалдагч

Ачлалт хүний тухай цуу, салхины эсрэг ч дэлхийгээр түгэх бөлгөө.

Нойр нь үл хүрч хөрвөөх хүнд, шөнө юутай урт,

Нозоорч ядарч цуцсан аянчинд, зам юутай урт,

Аян замд өөртэйгөө эн тэнцүү, эсвэл илүү хүнтэй хамт яв

Арчаагүй мунхагийг дагуулснаас, ганцаар явах нь дээр.

Зэрлэг араатнаас бүү ай, муу нөхрөөс ай!

Зэрлэг араатан биеийг гэмтээнэ, муу нөхөр сэтгэлийг шархлуулна

Хүн үр хүүхэд, эд баялагийнхаа төлөө зовсоор шаналж гүйцдэг

Хүн өөртөө ч үл харьяалагдах атал, тэднийг яагаад өөрийнхөн гэнэ вэ?

Өөрийн тэнэгээ мэддэг тэнэг хүн

Өөрийгөө ухаантай хэмээн бодох тэнэгээс дээр болой.

Ухаантантай ярилцахдаа, тэнэг хүн сургаалы нь ойлгодоггүй нь

Унд хоолны амтыг халбага мэддэггүйтэй адил болой.

Шинэ сүү үл гашилахтай адил, муу үйлийн хариу тэр дороо үл илрэх нь

Шигдэж үнсэнд уугих гал, эцэстээ түймэр болохын адилаар.

Шинжэх ухаан муут, алдар ба ашиг эрж үргэлж зовж зүдэрнэ.

Шимтэж албан тушаал, ахиу эрх горилогчид байнга шаналдаг.

Алаг эрээн хорвоод амьдарч ажиллаж явахын цаг дор

Алдааг хэлж, нүглийг зааж дутагдлыг илчилсэн

Ач буянтай тэр хүнийг сэтгэл зүрхэндээ биширч

Аль эрт нуусан эрдэнийг олж өгсөн хүнтэй адилтган хүндэл

 

4-3-аас

Бурхан багшийн сургаальд баярлагч, цэвэр ариун сэтгэлтэн

Бусдыг бодвол сургаалиар ариуссан тул, шөнө нойр бөхтэй

Буудай тариа ургуулагч, суваг малтаж ус урсахын адил

Бусармаг явдлаас зайлж, ухаант хүн сэтгэлээ засч байдаг.

Салхи үлээхэд хад асга үл доргих лугаа адил

Сайшаавч, зэмлэвч сэтгэл үл донслон амгалан бай

Сац бас өөрийгөө ялах нь, сая цэргийг ялсанаас илүү юм

Сайн зөв сургаалийг мэдэлгүй зуун жил амьдарсанаас мэдээд нэг хоног амьдарсан нь дээр.

Энэхүү ертөнц мөнхийн гал дунд орших бөлгөө

Энд, хүсэл шунал, уур хилэн, мунхагийн гал дүрэлзэн амой

Эл шатаж буй байшингаас, шалавхан зайлах хэрэгтэй

Иймэс хүн бүр, ариун сэтгэлээ ариг гамтай байлгах учиртай.

 

4-4-өөс

Хүн цэвэр ариун амьдарч, гомдоход гомдох хэрэггүй ээ

Хүсээгүй ч уйтгар гунигийн цаг ирэхэд уйдаж гуних хэрэггүй

Ховдог хомхой сэтгэлтний дунд байсан ч ховдог хомхой бүү бол

Хорвоогийн аливаа юмны тухай бол миний юм гэж бүү бод

Эрүүл мэнд бол хамгийн сайн давуу тал юм

Элэг сэтгэл хангалуун байх нь хамгийн их баялаг юм

Итгэл найдвар бол хамгийн ойр дотнын байдал юм

Эрмэлзэн гэгээрэх нь хамгийн аятай таатай байдал юм.

Сайн мууг ялгахдаа сайнд нь дасаж дадаж үл болно

Саар мууг хооронд нь ялгаснаар, уйтгар гуниг хийгээд

Сандран айх эмээх сэтгэл буй болж бачимдан давчдана

Санаа сэтгэлээ ариусгахын тулд, сайн үйлс бүтээхийг хичээ.

 

4-5-аас

Төмрөөс зэв үүсэж, эргээд төмрөө иддэгийн адил

Төрөлх хүнээс нүгэл буй болж, эргээд хүнээ иддэг болой

Төдүй байшин буй атал, түүнээ янзлаагүй нь байшингийн бузар юм

Төрсөн махбод байтал түүнээ хэрэгсэхгүй биеийн бузар юм.

Буян эс үйлдэх нь хүний бузар юм

Бусдаас мөнгө харамлах нь, өглөгийн бузар юм

Бусармаг нүгэл бол энэ хийгээд хойд ертөнцийн бузар юм

Бузар бузраас адгийнх нь мунхагийн бузар бүлгээ.

Өөрийнхөө шившигээс ичдэггүй хүн болох амархан

Өнөө хэрээ лүгээ адил эрээ цээргүй болох ч амархан

Өрөөлийг  гомдоодог цэвдэг сэтгэлтэй ч, түүнээ анзаарахгүй байх амархаан

Өв тэгш буян үйлдэж, төлөв даруу ухаантай болох хэцүү.

Өрөөл бусдын алдаа мадаг нүдэнд шууд тусдаг бол

Өөрийнхөө алдаа мадагийг олж харах хэцүү билээ

Өөлж бусдын нүглийн цууг, дорхноо л тараачихдаг мөртлөө

Өөрсдийнхөө нүглийг бид гартаа буй даалууг нуух мэт хав дардаг.

Будан, салхи шурга шувуудын мөр, тэнгэрт үгүйтэйн адил

Буруу номонд хүмүүний ухаарч гэгээрэх нь ер үгүй билээ.

Байнгын тогтсон чанар гэж, юунд ч үгүй бөлгөө

Бачимдан хямрах сэтгэл, гэгээрсэн хүнд огт үгүй ээ.

Үргэлжлэл бий…



elaborate?