Бурхан багшийн сургааль

Mudra

Үргэлжлэл…

4 6-ааc

Цайзыг дотроос нь ч гаднаас нь ч найдвартай хамгаалахын адил
Цаг үргэлж сонор сэрэмжээ үл алдан биеийг хамгаалах хэрэгтэй
Чанаддаа өөртөө эзэн болж өөрийгөө хянан удирдах хэрэгтэй
Чалчихыг цээрлэж гүн гүнзгий бясалгавал бачимдлаас ангижирна
Цэнхэр тэнгэрт нар өдөр мандаж, сар шөнө гийдэг бол
Цэрэг эрс хувцас болоод дуулгаараа гялалзаж байдаг бол
Цэгц шулуун бөгөөд, зөв зам мөрийг хөөж буй хүн

Цэлмэг огторгуйд нар мандах адил, бясалгалаар гялалзаж байдаг.
Нүд, чих, хамар, хэл, бие зэрэг таван мэдрэхүйнхээ
Нэвтрэх үүд хаалгыг хамгаалж үл чадан, өнгөнд уруу татагдагч
Нэгэнт зөв бус замаар явж буй нь тодорхой агаад
Нээрэн тэр хаалгаа хамгаалж чадагч хүн, зөв замаар явж буй юмаа.

4 7-оос

Ямар нэгэн юманд дасаж  дадсан бол, түүний нөлөөнд хүн,
Яавч эд юмсыг үнэн мөнөөр нь харж чадахгүй болой
Ядаж дассаны хүлээснээс ангижарвал, эд юмсын чанарыг харж,
Ягуухнаар сэтгэлд эд юмс шинэ утга учиртай болмой.

Хүнд, уйтгар гуниг байвал баяр баясгалан байна
Хөхүүн баяр баясгалан байвал, уйтгар гуниг ч бас буй
Хүсэлдээ, цаг нь болоогүй юмны төлөө зовж шаналвал
Хүрээд өнгөрснийг харамсаваас, хүн тайрсан хулс лугаа хатна.
Өнөөдөр хийх юмыг, маргааш болгъё гэж хойшлуулах хэрэггүй

Өдгөө бүтээж болохыгоо хийснээр, өдрийг үр ашигтай өнгөрүүлнэ.
Өнөд, бишрэл нь эрхэм нөхөр, оюун ухаан нь сайн газарч бүлгээ
Өөрийн тань чин сэтгэл, хамгийн сайн мэдрэхүй бүлгээ.
Итгэл бишрэл бол, энэ хорвоогийн аян замын хоол хүнс юм
Эрхэм буян бол, хүний ариун сайхан гэр орон нь юм.

Эрдэм оюун ухаан бол, энэ ертөнцийн гэрэл гэгээ юм
Эерэг зөв санаа бодол нь, шөнийн харуул хамгаалалт юм.
Өөрийн гэр орныхоо төлөө бие юугаан март
Өөрийн хот тосгоныхоо төлөө, гэр орноо март.
Өөрийн эх орныхоо төлөө, хот тосгоноо мартаарай

Өнөд гэгээрэхийн төлөө бол, бүгдийг мартаарай.
Бүх юмс хувьсан өөрчлөгдөж, буй болж байдаг
Бүх юмс хувьсан өөрчлөгдөж байдаг, бас алга болдог
Бүгд хүмүүс төрөх үхэхийн тухай санаа зовж  шаналахаа болимогц
Бүхий л ахуй нам гүм, энх амгалан байдлыг олдог

Номын “Ахан дүүсийн барилдлага” бөлөг
\амьдралын чиг баримтлал\

1.Гэр бүлийн жаргал 

1-1 ээс

Гай зовлон, дотроос үүдэн гардагийг үл мэдэж,
Гарвал нь дорноос, эсвэл өрнөөс ирдэг хэмээн бодох нь буруу
Ганцхүү дотоод сэтгэлээ, янзалж цэгцлээгүй байж
Гадна талаа л зөвхөн хамгаалах нь бас буруу.

Үнэний зургаан зүг буй нь: баруун, зүүн, урд, хойд, дээд, доод
Үнэний зургаан зүгийг хүндэлж, буян бүтээж гай зовлонгоос хамгаална
Үүнийг мөрдөхийн тулд дөрвөн бузраас салах хэрэгтэй

Үүнд тэр дөрөв нь: амь таслах, хулгай хийх, буруу хурьцах, худал хэлэх болой.
Угаасаа сэтгэлийн дөрвөн буруу илрэл гэдэг нь
Уур хилэн ховдог шунахай сэтгэл ухаан мунхаг, айж эмээх болой
Уг нь дөрвөн муу үйл дөрвөн бузраас салж
Уршиг түйвээлт зургаан үүдийг хааж үнэний зургаан зүгт мөргөх ёстой

Орон гэрийг түйвээх зургаан муу үүд нь:
Орой үдэш болтол найрлаж, хөгжим цэнгэлд ухаанаа өгөх
Охь дарсанд шунан ууж согтууран, ажлаасаа зугтах
Олиг муу хүнтэй нөхөрлөж, мөрийтэй тоглох эд зургаа юм.

Үнэний зургаан зүг нь Эцэг эх хүүхдийн зүүн зүгийн зам
Үлэмж мэргэн багш шавь нарын өмнө зүгийн зам
Үнэнч хань ижлийн баруун болоод үеийн андын хойд зүгийн зам
Үгээгүй зарц эздийн болоод бурханы сургаалд итгэгчийн дээд зүгийн зам болой.
Юуны түрүүн эцэг эх, үр хүүхдийн замыг дагах хэрэгтэй

Юу нь хэмээвээс энэ нь: үр хүүхдийн таван үүрэг юм.
Эцэг эхдээ зүтгэх, гэрийн ажилд туслах, удам угсаагаа хүндлэх
Эд хөрөнгөө хамгаалах, эцэс хойдын буяныг нь зөв үйлдэх эдгээр болой.
Эцэг эх хүүхдийнхээ өмнө бас, таван үүрэг хүлээж мөрдөх ёстой.

Энэ нь: Аливаа нүглийг таслан зогсоож, буяныг зааж сургах,
Эрхэм сайн хань олж өгч, хүүхдээ сайн хүмүүжүүлэх
Эцэст нь, тэдэндээ гэр орноо өвлүүлэн өгөх эдгээр болой.

Багш шавийн өмнө зүг хэмээх нь юу вэ? гэвэл:
Багшаа шавь нар нь угтан тосч мэндлэхээс эхэлнэ.
Баттай үнэнч зүтгэх, бүх зарлигий нь дуулгавартай хүлээн авах,
Барьц өглөгийг өргөх, номлолыг нь хичээн сонсох эдгээр болой.

Хань ижлийн баруун зүг гэдэг нь юу нь хэмээвээс нөхөр нь:
Ханилсан эхнэрээ гүнээ хүндэтгэн, үнэнч байх,
Харьяа гэрийн бүх ажлаа даатгаж, эелдэг зөөлөн харьцах,
Хааяа түүндээ харамгүйгээр гоёл чимэглэл өгөх ёстой.
Эхнэр хүн гэр орноо цэвэр цэгцтэй байлгаж, үнэнч байх,
Эр нөхрийн олсныг үрэн таран хийхгүй байх,
Эвтэй зөөлөн харьцаж, ар гэрийн ажлаа сайн гүйцэтгэвээс,
Эхнэр нөхөр эвтэй найртай, хэрүүл маргаангүй байна.

Анд нөхдийн хойд зүгийн зам нь юун хэмээвээс
Алдаж эндэн буруу замд орохоос нөхрөө сэргийлэх
Аюул зовлон тохиолдвол, гар сунган тусалж дотно хандах
Аргагүй шаардлага гарвал, эхнэр, үр хүүхдэд нь туслах зэрэг болой.
Эзнийхээ өмнө зарц бас таван үүрэг хүлээнэ.
Эрт босож, орой эзнийхээ дараа унтаж,
Эвтэй үнэнч шударга, ажлаа сайн мэддэг байх
Эрхэм нэрийг нь хөөдөхгүйг хичэвээс, эзэн зарц найртай байна.

Зургаан зүгт мөргөх нь гай гамшигаас л
Зайлахыг хүсч, мөргөж залбирахыг хэлээгүй юм.
Зүй нь, үнэний зургаан зүгийг үргэлж дагаваас
Зүдэг гай гамшиг, хүний дотор буй болохоос сэргийлэх юм.

1 2-оос

Хүн нөхөрлөж болох  үл болох хүнийг ялгаж сурах хэрэгтэй
Хүнд хэцүү цагт, гуниг баяраа хуваалцаж зөв үгийг хэлдэг
Хүлцэнгүй агаад нигүүлсэнгүй сэтгэлтэй хүнтэй бол нөхөрлөж
Хэлэх үг нь бялдууч, шунахай үрэлгэн этгээдтэй бол бүү нөхөрлө
Чамайг буяны замаас хазайлгахгүйн тулд нүд эс салгаж,
Чанад сэтгэл чиний төлөө зовж, нууцыг чинь хадгалж,
Чадал доройтоход чинь, чиний төлөө юугаа ч үл хайрлаж,
Чин үнэн зөв зөвлөгөө өгдөг хүнтэй үерхэж нөхөрлө.

Эрхэм ийм анд нөхөртэй болох гэдэг амаргүй тул
Эгнэгт хүн өөрөө л бусдад ийм анд болохыг хичээвэл зохино.
Эгэл бөгөөд сайн хүн, өөрийн зөв үйлийн ачаар л
Ээх наран адил, бусдын хувьд ивээл гэрэл нь болдог юм.

Үргэлжлэл бий…



elaborate?