Бурхан багшийн сургаал

Үргэлжлэл

2-5-аас

Алс Вайсоли балгаст, үүлэн борооны явдалд мэргэшсэн
Амрапали гэгч хүүхэнд, Бурхан багш сургаж хэлсэн нь:
” Амрапали минь, эд баялаг, хайр дурлал эрдэнэсийн дээд нь бусаа.
Аврагч мөнхийн эрдэнэ бол, зөвхөн гэгээрэх зам мөр билээ.”

Чадал хүчтэй залуу хүн ч өвчинд автаж сул дорой болдог
Чам шиг залуу сайхан ч бас өтөлж хөгширдөг
Хаана ч хэзээ ч амьдралд, үргэлж үхэл заналхийлж байдаг
Хайртаасаа хагацаж үзэн яддагтайгаа хамт суух ч бий

Ерөөс хүний хүсэл, тэр болгон үл биелэх ч буй
Ертөнцийн журам л ийм юм даа, Амрапали минь.
Ер иймийн учир, гэгээрэхийг л яарах хэрэгтэй шүү.
Ертөнц хорвоод гагцхүү гэгээрэх зам мөр хүнийг хамгаалж чадна” гэв.

Амрапали хүүхэн энэ сургаалийг сонсоод
Ачит дээд бурхан багшийн шавь болж гэгээрэн,
Ачлалт лам хуврагуудад гоё сайхан цэцэрлэгээ
Ариун үнэн сэтгэлээсээ өргөл болгон өгчээ

3. Бүгдэд хэрэгтэй үгс.
3-1.
Долоон сургаал нь улс орны хөгжил цэцэглэлтийг хангаж чадна.
Нэгдүгээрт: ард түмэн улс төрийн асуудлыг
Нийтээр хэлэлцэхийн тулд үе үе хуран цугларч
Нийгэм улс орноо найдвартай хамгаалах ёстой

Хоёрдугаарт: Нийгмийн бүх давхрагын хүмүүс эвтэй амьдарч
Хотол улсын үйл хэргийг, хамтран хэлэлцэх ёстой.
Эртний зан заншлаа хүндэтгэж, шалтгаангүй солихыг цээрлэн
Эвсэг ёс, үүрэг хариуцлагыг, гуравдугаарт мөрдөх ёстой.

Дөрөвдүгээрт: Ах захын ёсыг баримталж, хүйсний ялгаа
Ариун цэвэр нийгмийн байдлыг сахих учиртай.
Ахмад үе, азай буурлуудаа энэрэн хайрлаж
Ачит багш, эцэг эхээ, тавдугаарт хүндлэх ёстой.

Зургадугаарт: Буурай элэнц хуланц, өвөг дээдсээ ямагт хүндэлж
Бурханыхаа өмнө залбирч, жил бүрийн уринаар
Буянт дээдсийнхээ шарил дээр эргэн очиж
Буян үйлдвэл нэн сайныг хүн бүр мэдвэл зохино.

Долдугаарт: Нийгмийн ёс суртахууныг сахин, буянт үйлийг үнэлж
Нигүүлсэхүй явдалт багшийн сургаалийг эгүүрд дагаж
Энэхүү долоон сургаалийг дагаж мөрдөх аваас
Эх орон цэцэглэж, бусад улс гүрнээр хүндлүүлэх болно.

3-2-оос
Сэтгэл ямар буйгаас хүн бүр эд юмсыг өөрийнхөөрөө хардаг
Сургаалийг хүндэлдэг зөв сэтгэлтэй, шулуун шударга хүн бол
Эгэл мод чулуунаас ч эрдэнийн номин чулууны туяаг хардаг
Эдийн шуналт, сэтгэл муу хүнд бол тансаг орд ч тааруухан л санагдана

Бөлөнгийн 2
Бурхан багшийн ертөнц

Зөв зүйтэй сургаалийг, хүндлэн дээдэлдэг ертөнцөд
Зүрх сэтгэл, гэгээн тунгалаг, амгалан тайван болно.
Учир нь бурхан багш, хүмүүст, үлэмжийн нигүүлсэнгүйг үзүүлж
Угтаа тэднийг гийгүүлсэнээр, сэтгэлийн бузар нь арилдаг.

Хавар цаг ирсэнийг илтгэж, нялх цэцэг навч дэлгэрэхтэй адил
Хүн гэгээрэхдээ, уулс, ус, ер юм бүхнийг Бурхан багшийн ертөнц болгоно.
Энэ бүхний учир нь, хүний сэтгэл зүрх ариусвал
Эргэн тойрны бүх юмс ариун нандин болдог юм.

Цаг хугацаа улирахад, ариун сэтгэл нь гүн гүнзгий чанартай
Цаашид зөв мөрийг хөөсөн, өглөг барьж өргөсөн
Цааз хуулийг сахисан, хатуужилтай, хичээнгүй, ухаалаг,
Цаглашгүй энэрэнгүй, нигүүлсэнгүй болсноор бурхан багшийн ертөнц бүтнэ.

Бурхан багшийн ертөнц нэг ч хүний сэтгэлд бүтсэн бол
Бусад сүсэгтнийг өөртөө татаж ахан дүүсийн холбоо үүснэ
Улмаар гэр бүлд, гэр бүлээс тосгонд хот суурин газарт
Улс оронд, эцэст нь бүх дэлхийд Бурханы ертөнц буй болно.

Үргэлжлэл бий…



elaborate?