Сакраменто хот дахь Монгол сүм.

Саяхан арван сарын эхээр Калифорниа мужийн Сакраменто хотод хоёр дахь \ нэг дэх нь Дилав хутагтын байгуулсан сүм \ монгол сүм ” Zanabazar dharma” ашиглалтанд орж гэр бүлийн маань хүнийг нээлтэнд нь урьсанаaр бид хоёр Дэнвэрээс нислээ. Амьхандаа нээлтийн өмнөх өдөр очоод будах, угааж арчих ажилд нь туслая гэж бодсийм.Нисэх онгоцны буудал дээр Баасандорж лам маань\ бид урьд нь уулзаж байгаагүй \ нүүр дүүрэн инэмсэглэсээр бид хоёрыг угтлаа, бид ч ам хамхилгүй ярьж явсаар сүм дээр ирлээ. Гаднаа хийморийн сүрлэг том дарцагнууд хийсгэсэн монгол дүр төрхтэй жижгхээн сүм биднийг угтлаа.

Өглөөжингөө тэнд ажилласан хэсэг залуучууд \ зарим нь гэр бүлийнхээ хүмүүстэй цуг ирж тусалж байв \ жаахан амсхийгээд өдрийн цайгаа уугаад сууцгааж байв.Энд ирсэн бүх хүмүүс бүгд л хариу нэхээгүй сайхан сэтгэлээр олон сарын туршид тусалсаар ирсэнийг дуулахад үнэхээр тэдгээр хүмүүсээр бахархаж байлаа. Тэдгээр хүмүүст хоол хийж байгаа, сүмийн дотоод засалд зориулсан чимэглэийг оёж байгаа, гадаах зүлэг ногоог арчилж байгаа,сандал ширээг угааж арчиж байгаа тэдгээр бүх хүмүүсийн буян арвижан дэлгэрэх болтугай гэж дотроо чин сэтгэлээсээ залбиран байлаа. Сүмийн тэргүүн гавж Дамчаабазар, лам Баасандорж 2 маань ийм сайхан үйлийг зориг гарган эхэлж цаг зав хүч хөдөлмөр , хөрөнгө мөнгө бүх зүйлээ заран өнөөдөр бий болгоод элэг нэгт монгол ахан дүүсдээ үүд хаалгаа нээн нээлтээ хийх гэж байгаа нь нэн бахархалтай.

Гавж Дамчаабазар мөн Баасандорж ламтан нар нь хамтдаа Энэтхэгт арван хэдэн жил шавилан суусан хоёр билээ. Хоёр лам маань олон сар гадаа өдөржин халуун наранд ажилласан нь тэдний наранд шарагдсан нүүрнээс нь харахад андашгүй. Эвий дээ хэний төлөө ингэж унтах нойр идэх хоолоо хагаслан ажиллаж байгаа юм бол доо гэж бодогдмоор…Өдрийн цайныхаа дараа залуус маань ажилдаа шуурхайлан орцгоож наран жаргатал амжуулж хийж чадах бүх зүйлээ л хийж маргааш уулзацгаая гэсээр гэр гэрийнхээ зүг явцгаав. Маргааш үд дундын үед нээлтийн үйл ажиллагаа болж Окланд, Сан-Франциско, Сакраменто хотоос олон монголчууд ирцгээлээ. Дуу хууртай, хоол ундтай сайхан л нээлт боллоо. Хоёр ламтан маань сүмээ бүтээн босгоход эд материалын болон сэтгэлийн дэм тус өгсөн бүх хүмүүсдээ баярласан талархсанаа илэрхийлж хэрдээ л их юм бэлдсэн байлаа.

Сүмийн нээлтэн дээр нилээн хэдэн Америк буддын лам нар ирцгээсэн байв. Сүмийн тэргүүн гавж Дамчаабазар гуай хэлэхдээ ” Америкт Буддизм гэхээр л Түвдийн нэр л гардаг гэтэл Монгол гэдэг чинь өөрийн гэсэн олон гэгээнтэн төрсөн буддизм хүчтэй хөгжсөн газар, тийм ч учраас Занабазар гэгээнээрээ нэрлэгдсэн монгол сүм байгуулж Америкуудад болон Монголчууддаа Бурхан багшийн номлосон ном эрдмийг түгээе гэж бодсийм” гэлээ. Алс хол эх нутаг элгэн саданаасаа хол байгаа бидэнд сэтгэлийн хүнд хэцүү үеүд, үхэл хагацал тохиолдоход гүйгээд очих сайхан лам нар, арц хүжээ асаан ариусах бурханы адистад оршсон сүмтэй боллоо. Нээлтэнд хүрэлцэн ирцгээсэн хүмүүс бүгд л ам амандаа өөр өөрсдийн мэдэх маани мэгзэмээ уншин сүмийн доторхи бурхадуудад залбирцгааж, гадаах хүрдүүдийг эргүүлэн нэн сүсэг бишрэлтэй харагдаж байв. Бурхан номын сүм хийдийг Монголдоо л төгс төгөлдөрөөр нь харж байснаас биш алс холын Америкт байгуулаад байж байна гэхэд нэг л итгэж өгмөөргүй байлаа.Хоёр лам нар маань их л олон юм төлөвлөж байгаа юм байна лээ. Буяны ариун цагаан үйл болохоор төвөггүй бүтэх нь дамжиггүй.

Хоёр лам нартайгаа тухтай уулзаж ярьж чадахгүй байсаар нэг л мэдэхэд гэр лүүгээ явах болсон байлаа. Явахад минь хоёр лам нар маань сайхан сүүтэй цай чанчихсан шар тосонд хайрсан ул боовоор дайлав. Дамчаабазар гуай цаашид бүтээх суваргын ажилд хамтран ажиллахыг манай хүнээс хүсээд алд цэнхэр хадаг бидэнд гардууллаа. Аливаа юмыг бий болгож хийж бүтээн гэдэг хэцүү, гэтэл энэ хоёр маань хийж бүтээгээд цаашид илүү ихийг хийх зорилготой байгааг нь сонсоод үнэхээр бахархах сэтгэл төрлөө. Улаан хүрэн дээлээ өмсөн царай нь өмссөн дээлнээсээ ялгагдахын аргагүй боролсон хоёр лам нар маань гараа далласаар биднийгээ хашаанаасаа үдэж өгч байгаа дүр зураг сэтгэлд минь хадгалагдан үлджээ. Яагаад ч юм бэ, нээх их үнэтэй юм аа орхиод явж байгаа юм шиг санагдаж хамрийн минь самсаа шархирч нүдэнд минь нулимс дүүрээд ирж билээ. Нэг бодлын лам хүний амьдрал амар ч юм шиг, олон юм бодолгүйгээр бусдын сайн сайхны төлөө амь амьдралаа зориулж амьдрах сайхан ч юм шиг. Гэхдээ чи тэгж чадах уу?…



elaborate?