Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д. Нацагдоржийн шагналт, яруу найрагч Пунцагийн Бадарч гуай 2011 онд Бурхан багшийн сургаалийг шүлэглэн дөрвөн мөртөөр 108 бадаг шүлэг тэрлэж Монгол сүсэгтэн олондоо номоо дэлгэн барьжээ. Би ч бас энэ сайхан номыг уншингаа уншигч та нартайгаа хуваалцая гэж бодлоо, болгооно уу.

Бурхан багш мэндэлсэн нь
Асар сүрлэг Хималайн уулсын хормойг ороон урсагч
Аршаан уст Рохини голын эрэг дээр орших
Амгалан Шагжа омгийн улсын Капилавасту балгаст
Ариун идээт хаан Суддодана Гаутама амьдарч байв.
Энэ хааны узэсэгэлэнт сайн хатныг Мая гэх агаад
Эртэд гэрлэснээс янагш хорь илүү жилийг улираасан ч
Эдэнд үр заяалгүй байсаар, нэгэн шөнө хатантан
“Их цагаан заан баруун сугаар, хэвлийд оров “гэж зүүдэлвэй.
Ийнхүү бие давхар болсон хатны мэндлэх хүүхдийг
Эзэн хаан болоод ордныхон, эгэл олон тэсэж ядан хүлээв.
Эртний заншил ёсоор, төрсөн гэртээ очиж амаржихаар
Эрхэмсэг хатан зам зуураа, Лумбини цэцэрлэгт саатвай.
Ээлтэй хаврын урин дулаан цаг нэгэнт ирсэн тул
Эргэн тойронд нь үзэсгэлэнт Акоша мод цэцэглэж байв.
Багсайсан цэцэгт модны мөчрийг, хатан таслахаар
Баруун гараа сунгатал, хүү тэр даруй мэндэлвэй.
Хаантан ихэд баясан, хүүдээ Сиддарта буюу
“Хамаг тусыг бүтээгч”, Артасиди хэмээх утгат нэр хайрлав.
Харин уй гашуу нөмөрч, эх Маяа ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд
Хатны охин дүү Махапражапати хүүг асран бойжуулжээ.
Холгүй уулнаа суугч, даяанч мэргэн Асита гэгч
Хосгүй гэрэл хааны ордныг тойрон сацрахыг үзээд ирэхүй,
Ховор мэргэн даяанчид, Хаантан сая мэндэлсэн хүүг үзүүлэхэд
Холоос ер бусын гэрлийг үзээд, Залран ирсэн Асита даяанч:
“Хааны хүү том болоод орд өргөөндөө үлдэх аваас
Хамаг ертөнцийг нэгтгэгч, аугаа их хаан болох буюу
Харин ордноо орхиж, даяан хийж үнэнийг ухаарвал
Хамаг ертөнцийг аврах заяатай бурхан болно” хэмээжээ.
Номын “Бурхан багш” бөлөгөөс
2. Сүүлчийн номлол \шавь нартаа айлдсан нь\
Та нар минь бусдын төлөө, ассан гэрэл болцгоо
Та нар минь өөрсөддөө түшиг болж, хэнд ч бүү найдацгаа!
Та нарт минь миний сургааль гэрэл гэгээ түшиг нь болог оо!
Ташаарч ,бусад сургаал буруу номыг тулахаас цээрлэ!
Бохир биеэн ухаарч, чамин гоё хувцас бүү хүсэж бай!
Баяр цэнгэл, зовлонгийн шалтгаан тул автахыг цээрлэ!
Басхүү “БИ” бээр байхгүйг ухаарч,сэтгэлийн хөөрөлд бүү авт!
Баттаяа тэр цагт, зовлон зүдгүүрээс үүрд ангижирна.
Аливаа хүслээ хазаарлан, ад биеэ ялж сурах хэрэгтэй
Ариун сэтгэлээр зөв явж , зөв үйл хийж , ам үгэндээ эзэн бол!
Атгаг шуналаас татгалзаж, ааг хилэнгээ номхотгож сур.
Аюул нүглээс зайлж, амьдрал мөнх бусыг үргэлж сана!
Зүрх сэтгэлд чинь хүсэл, хилэнц орогновол ялах хэрэгтэй
Зүй нь сэтгэлдээ захирагдах бус, зүрх сэтгэлийнхээ эзэн болох хэрэгтэй.
Зөрж төөрөлдсөн хүн шулам, зөвд гэгээрсэн нь бурхан болох учиртай
Зөнгөр сэтгэлээ ариун байлгаж, буяны замаас бүү хазайгтун!
Угтаа миний сургаалийг дагаж, энх амар эв хайртай амьдарцгаа!
Улмаар нэг нэгнийгээ хүндэлж , ундууцан хэрүүл маргааныг бүү дэгдээ
Ус, сүү лүгээ адил, бие биентэйгээ зохицон сүлэлдээ
Ус, тос лугаа адил нэг нэгэнтэйгээ бүү түлхэлдээ.
Багшийнхаа сургаалыг хамтдаа дагаж, төгс төгөлдөрийг эрмэлз!
Баяр баясгалангаа хуваалцаж, буяны зам мөрийг эрмэлз!
Бус юмыг эс шохоорхож, бусармагаар цагийг бүү элээ!
Буяны зам мөрийн жимс, гэгээрэхийн цэцэгнээс хүртэхийг эгээр!
Удахгүй миний цаг болж, та нараасаа үүрд салах ойртлоо
Уйлах нулимсыг үзүүлж, гуньж гутарч үл болом за
Угаас амьдрал мөнх бусыг үзүүлж, төрсөн хэн боловч үхнээ
Угтаа хүний оршихуй нь, мөнх бус гэдгийг дахин батална.
Ер жирийн явдал мэт ухаарч, бүү гуньж гутарцгаа!
Ертөнцөд ганц ч мөнх юм үгүйг ухаарч, оршихуйн учрыг мэдэцгээ!
Ерөөсөө хувирч өөрчлөгддөг бүхнийг, үл хувиргахыг бүү хүс!
Ерөөл тавилан иймийн тул, энэ хүсэл хэзээ ч бүтэхгүй ээ
Тачаал шуналын шулам хэзээд бэлэн байдгаас сэрэмжил
Таны гэрт могой үүрлэвэл, хөөж гаргахаас нааш амрахгүйн адил аа!
Таалах сэтгэл санаагаа та нар минь сонор соргог хамгаал
Тарчлах зовохын шалтгаан, тачаал шуналын шулмыг хөө!
Эцэг эхээс олсон, хүмүүн биеийн л үхэл гэдгийг бүү март!
Энэ бие эвдэрч нуравч, эрдэм номын гэгээрэл мөнхийн үргэлж,
Эцэслэсний хойно та нарт, миний ном багш тань болно
Энэхүү номыг ухаарч буй хүн л, намайг олж үзэх болно.
Аяа шавь нар минь, номлох бүхнээ би номлосон болой
Амьдралынхаа сүүлчийн дөчин таван жилд, айлдах ёстой бүхнээ айлдсан
Авч нууцласан юм, миний гадна ч тэр, дотор ч тэр байхгүй ээ
Авралаар миний цаг ирж, би Нирваанд орлоо.
Үргэлжлэл бий……
elaborate?